1 Бидний Аврагч Шүтээн ба бидний найдвар Эзэн Есүс Христийн тушаалаар Есүс Христийн төлөөлөгч болсон Паулосоос
2 итгэл доторх миний жинхэнэ хүү Тимоотеост. Бидний Эцэг Шүтээн ба бидний Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван байг.
3 Би Македони руу явахдаа чамайг Ээфэсост үлдээч гэж хичээнгүйлэн гуйсан нь, өөр сургаал бүү заа гэж
4 бас итгэл доторх Шүтээний дагуух босгон байгуулалтаас илүүтэйгээр маргаанд хүргэдэг үлгэр домог ба дуусдаггүй угийн бичгүүдэд анхаарлаа бүү хандуул гэж чи зарим хүнд тушаахын тулд юм.
5 Эдүгээ тушаалын төгсгөл бол цэвэр ариун зүрх сэтгэл бас сайн ухамсар бас чинхүү итгэлээс байдаг хайрлахуй юм.
6 Энэхүү итгэлээс гажсан зарим нь хоосон чалчилт руу эргэжээ.
7 Тэд хуулийн багш болохыг хүсдэг, юу ярьж байгаагаа бас юу батлах гээд байгаагаа ч ойлгодоггүй.
8 Харин хэрэв хүн хууль ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн юм гэдгийг бид мэддэг.
9 Яагаад гэвэл хууль нь зөв хүнд биш, харин хуульгүйчүүдэд болон дуулгаваргүйчүүдэд, сүсэг бишрэлгүйчүүдэд болон гэмтнүүдэд, ариун бус болон эрээ цээргүй хүмүүст, эцгээ алагчдад болон эхээ алагчдад, хүн хороогчдод,
10 янхантай явалдагчдад, бандилагчдад, хүний наймаачдад, худалч хүмүүст, худлаа амлагчдад бас эрүүл зөв сургаалын эсрэг байгаа аливаа зүйлд зориулагдсан гэдэг үүнийг мэддэг.
11 Эдгээр нь ивээгдсэн Шүтээний яруу алдарт бас надад даатгагдсан тэрхүү сайн мэдээний дагуу юм.
12 Тэгээд намайг чадвартай болгосон бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл тэр намайг итгэмжтэйд тооцон, энэ үйлчлэлд томилсон.
13 Би урьд нь шүтээнийг доромжлогч бас хавчигч бас гутаан доромжлогч байсан. Гэвч би үл итгэхүй дотор эдгээрийг үл мэдэн үйлдэж байсан учраас өршөөл хүртсэн.
14 Улмаар бидний Эзэний энэрэл нь Есүс Христ дотор байдаг итгэл ба хайраар хэмжээлшгүйгээр бялхаж байсан.
15 Христ Есүс гэмтнүүдийг аврахаар энэ дэлхийд ирсэн гэдэг энэ нь итгэмжит үг бөгөөд бүхэлд нь хүлээн зөвшөөрмөөр үнэ цэнэтэй. Энэ гэмтнүүдийн эн түрүүнд нь би байдаг.
16 Гэсэн хэдий ч, мөнхийн амьдрал руу хожим өөрт нь итгэх хүмүүст жишээ болгох гэж Есүс Христ бүхий л тэвчээрийг эхлээд миний дотор харуулах гэсэн энэ шалтгааны улмаас би өршөөл хүртсэн юм.
17 Эдүгээ мөнхийн, үхэшгүй, үл үзэгдэгч Хаан, цорын ганц мэргэн ухаант Шүтээнд хүндэтгэл ба яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.
18 Хүү Тимоотеос оо, чам дээр өмнө нь буулгасан эш үзүүллэгүүдийн дагуу эдгээрийн дотор сайн тэмцлээр тэмц гэдэг энэ тушаалыг би чамд даатгаж байна.
19 Итгэл ба сайн ухамсартай бай. Үүнээс зарим хүн татгалзаж, итгэлийн тухайд сүйрсэн хөлөг онгоц болгосон.
20 Тэднээс Юменаиос, Александрос нарыг би Сатаанд тушаасан. Энэ нь тэд шүтээнийг доромжлохуйд суралцахгүйн тулд юм.