Mateus 3

MONKJV

1 Тэр өдрүүдэд Баптист Иоаннис ирээд, Иудаиагийн цөлд сургаал заан

2 улмаар, Та нар гэмшин эргэ. Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлал хаяанд байна гэв.

3 Учир нь, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга гэж хэлнэ хэмээн эш үзүүлэгч Ишаиагаар хэлэгдсэн нь энэ хүн юм.

4 Тэгээд мөнөөх Иоаннис тэмээний зогдрон хувцастай, ташаагаараа арьсан бүстэй байв. Түүний хоол нь царцаа болон зэрлэг зөгийн бал байжээ.

5 Дараа нь Иерусалим, Иудаиа бүхэлдээ мөн Иордан хавийнхан бүхэлдээ түүн рүү очин

6 тэгээд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, тэр хүнээр Иорданд баптизм хийлгэжээ.

7 Гэтэл тэр өөрийнх нь баптизм руу ирж буй олон Фариса болон Саддука хүнийг хараад тэдэнд, Хорт могойн үеийнхэн ээ! Ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ?

8 Тиймээс гэмшин эргэлтэнд нийцэх жимснүүдийг бий болго.

9 Мөн та нар дотроо, Бидэнд Аврахаам эцэг бий хэмээн хэлнэ гэж бүү бод. Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье.

10 Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна. Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана.

11 Үнэндээ гэмшин эргэлтэнд хүрсэн та нарыг би усаар баптизм хийж байна. Харин миний хойноос ирэх нэгэн бол надаас илүү агуу. Би түүний шаахайг ч барих үнэ цэнэгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийх болно.

12 Түүний тарианы хийсгүүр гарт нь байна. Тэгээд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайгаа амбаартаа хураана. Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ.

13 Тэр үед Есүс Иоаннисаар баптизм хийлгэхээр Галийлаас Иордан руу түүн дээр иржээ.

14 Гэтэл Иоаннис түүнийг хориглож, Би танаар баптизм хийлгэх хэрэгтэй байтал та над руу ирж байгаа юм уу? гэв.

15 Тэгтэл Есүс түүнд хариулан, Одоо үүнийг зөвшөөр. Учир нь ийм байдлаар бүх зөв байдлыг биелүүлэх нь бидэнд зохистой гэлээ. Тэгэхэд нь тэр түүнд зөвшөөрчээ.

16 Ийнхүү Есүс баптизм хийлгээд, уснаас шууд гарлаа. Тэгтэл ажигтун, тэнгэрүүд өөрт нь нээгдэн, Шүтээний Сүнс тагтаа мэт доош бууж, өөр дээр нь ирэхийг тэр харав.

17 Улмаар ажигтун, тэнгэрээс нэгэн дуу хоолой, Энэ бол миний хайртай Хүү. Би түүнд ихэд тааламжтай гэлээ.

Ler em outra tradução

Comparar lado a lado