1 Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхдээ дуулгавартай бай. Учир нь энэ бол зөв юм.
2 Эцэг бас эхээ хүндэл. (Энэ бол амлалттай анхны тушаал.)
3 Тэгвэл энэ нь чамд сайн байх бөгөөд чи газар дээр урт наслах болно.
4 Мөн эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ хилэгнэл рүү бүү өд. Харин тэднийг Эзэний сахилгажуулалт ба сургамжлал дотор хүмүүжүүл.
5 Боолууд аа, махбодын дагуух эздэдээ Христэд адилаар айдас ба чичрэлттэйгээр чин сэтгэлээсээ дуулгавартай бай.
6 Хүмүүнд нийцүүлэгчид шиг нүд хариулах үйлчлэлээр биш, харин Шүтээний хүслийг зүрх сэтгэлээсээ үйлддэг Христийн боолуудын ёсоор,
7 хүмүүст биш, харин Эзэнд адилаар сайн хүсэлтэйгээр үйлчил.
8 Боол ч бай, эрх чөлөөт ч бай, аливаа хүн сайн юуг ч бай үйлдвэл тэрбээр Эзэнээс адилхныг хүлээн авна гэдгийг мэд.
9 Мөн эзэд ээ, та нар заналхийллийг орхиж, тэдэнд адилхан зүйлсийг үйлд. Та нарын ч Эзэн тэнгэрт байгаа бөгөөд түүнд ялгаварлал гэж байдаггүй гэдгийг мэд.
10 Эцэст нь, ахан дүүс минь, Эзэн дотор болон түүний аугаа байдлын хүч чадал дотор хүчтэй бай.
11 Та нар элээний заль мэхний эсрэг зогсох чадвартай байж болохын тулд Шүтээний цогц хуяг дуулгыг өмс.
12 Учир нь бид бол махбод болон цусны эсрэг биш, харин захиргаануудын эсрэг, эрх мэдлүүдийн эсрэг, энэ дэлхийн харанхуй байдлын захирагчдын эсрэг, тэнгэр дэх газруудад буй сүнслэг хорон муу байдлын эсрэг барилддаг.
13 Тиймээс та нар ёрын муу өдөрт эсрэг зогсох чадвартай болж болохын тулд Шүтээний цогц хуяг дуулгыг ав. Тэгээд бүгдийг гүйцээчихээд цэх зогс.
14 Тиймээс цэх зогс. Ингэхдээ та нар бүсэлхийгээрээ үнэнийг бүсэл бас зөв байдлын цээжний хуягийг байлга.
15 Мөн хөлдөө амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг углаж үд.
16 Бүхнээс илүүтэйгээр итгэлийн энэхүү бамбайг ав. Үүгээр хорон муугийн бүх галт сумыг унтраах чадвартай болох болно.
17 Бас авралын дуулгыг мөн Шүтээний үг болох Сүнсний сэлмийг ав.
18 Сүнс дотор бүхий л гуйлт ба хүсэлттэйгээр үргэлж гуйлт хий. Тэгээд бүхий л тууштай байдал ба хүсэлт дотор үүндээ бүх ариун хүмүүсийн төлөө
19 бас миний төлөө сонор сэргэг бай. Энэ нь надад үг өгөгдөхийн тулд, би амаа зоригтой нээхийн тулд юм. Тэгвэл би сайн мэдээний нууцыг мэдүүлэх болно.
20 Үүний төлөө би хүлээснүүд доторх элчин сайд билээ. Тийнхүү би үүн дотроо ярих ёстойгоороо зоригтой ярьж чадах юм.
21 Харин миний үйл хэргүүд болон хэрхэн ажиллаж буй талаар минь та нар бас мэдэж болохын тулд Эзэн доторх хайрт дүү бөгөөд итгэмжит үйлчлэгч Тюхикос бүх зүйлийг та нарт мэдүүлэх болно.
22 Би түүнийг энэхүү зорилгын дагуу та нар луу илгээсэн нь та нар бидний талаар мэдэх бас тэрбээр та нарын зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд юм.
23 Шүтээн Эцэг ба Эзэн Есүс Христээс амар тайван нь бас итгэл бүхий хайр нь ахан дүүст байг.
24 Бидний Эзэн Есүс Христийг чин сэтгэлээсээ хайрладаг бүгдтэй хамт энэрэл байг. Аминь.