Apocalipse 22

MONKJV

1 Мөн тэр надад Шүтээний болон Хурганы хаан суудлаас гарч буй болор мэт тунгалаг амьдралын усны цэвэр голыг харууллаа.

2 Үүний гудамжны дунд бөгөөд голын хоёр талд арван хоёр төрлийн жимс тээж, сар бүр жимсээ өгдөг амьдралын мод байсан бөгөөд модны навчис нь үндэстнүүдийн эдгэрлийн төлөө аж.

3 Мөн цаашид хараал байхгүй. Харин үүн дотор Шүтээн болон Хурганы хаан суудал байх бөгөөд боолууд нь түүнд үйлчилнэ.

4 Тэгээд тэд түүний царайг харах агаад түүний нэр тэдний духан дээр байна.

5 Бас тэнд шөнө байхгүй. Мөн дэн бас нарны гэрэл ч хэрэггүй. Учир нь тэдэнд Эзэн Шүтээн гэрэл өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно.

6 Тэгээд тэр надад, Эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн. Түүнчлэн ариун эш үзүүлэгч нарын Эзэн Шүтээн удахгүй болох ёстой зүйлсийг боолууддаа үзүүлэхээр өөрийн элчийг илгээсэн гэв.

7 Ажигтун, би сааталгүй очиж байна. Энэ номын эш үзүүллэгийн үгийг сахидаг нь ивээлтэй.

8 Мөн Иоаннис би эдгээр зүйлийг харж бас сонссон юм. Тэгээд би сонсчихоод мөн харчихаад эдгээрийг надад үзүүлсэн элчийн хөлийн өмнө мөргөхөөр унав.

9 Тэгэхэд тэр надад, Харагтун, битгий. Учир нь би бол чиний болон эш үзүүлэгч ахан дүүсийн чинь бас энэ номын үгсийг сахигчидтай хамтран үйлчлэгч. Шүтээнд мөргө гэлээ.

10 Мөн тэр надад, Энэ номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Яагаад гэвэл цаг нь ойрхон байна.

11 Шударга бус нь шударга бус хэвээр байг. Мөн бузар булай нь бузар булай хэвээр байг. Түүнчлэн зөв нь зөв хэвээр байг. Бас ариун нь ариун хэвээр байг гэв.

12 Тэгээд ажигтун, би сааталгүй очиж байна. Мөн хүн болгонд үйлсийнх нь дагуу оноох миний шагнал надтай хамт байгаа.

13 Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл. Эхнийх бөгөөд эцсийнх.

14 Амьдралын мод руу эрхтэй болохын тулд мөн хаалгануудаар хот руу орохын тулд түүний тушаалуудыг үйлддэг нь жаргалтай.

15 Харин ноход бас хараалчид бас янхантай явалдагчид бас алуурчид бас дүрс шүтэгчид бас худалд дуртай бөгөөд үйлддэг бүхэн гадна нь байна.

16 Есүс би эдгээр зүйлийг та нарт чуулганууд дотор гэрчлэхийн тулд өөрийн элчийг илгээлээ. Би бол Давийдийн үндэс ба удам, тод бөгөөд өглөөний од.

17 Тэгтэл Сүнс ба сүйт бүсгүй, Ирэгтүн гэж байна. Сонсож байгаа нь, Ирэгтүн хэмээг. Мөн цангаж байгаа нь ирэг. Түүнчлэн хүсэх хэн ч бай амьдралын усыг үнэгүй аваг.

18 Учир нь би энэ номын эш үзүүллэгийн үгсийг сонсдог хүн бүрт, Хэрэв хэн нэгэн эдгээр дээр нэмбэл Шүтээн түүнд энэ номд бичигдсэн гамшгуудыг нэмэх болно.

19 Мөн хэрэв хэн нэгэн энэ эш үзүүллэгийн номын үгсээс хасвал Шүтээн түүний хувийг амьдралын номоос бас ариун хотоос мөн энэ номд бичигдсэн зүйлсээс хасах болно гэдгийг гэрчилж байна.

20 Эдгээрийг гэрчлэгч нь, Үнэхээр би сааталгүй очиж байна гэж байна. Аминь. Тийм ээ, Эзэн Есүс, ирээрэй.

21 Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та бүгдтэй хамт байг. Аминь.

Ler em outra tradução

Comparar lado a lado